Юнител групп нь 2006 онд анх үүрэн холбооны оператор компани болон байгуулагдаж байсан бол өдгөө IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг үзүүлэгч Юнивишн компани, сансарын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Орбитнет, контент болон аппликейшн хөгжүүлэлтийн U-Planet, кино продюсингийн Prime Pictures зэрэг компаниудыг байгуулж, хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлдэг ДДэш ТВ-ийг бүлдээ нэгтгэсэн, Мэдээллийн Технологи, Харилцаа Холбооны цогц үйлчилгээг хүргэдэг групп компани болон өргөжжээ.
Юнител групп үүсгэн байгуулагдсан 10 жилийн хугацаанд 1 сая гаруй хувь хэрэглэгч, 115 мянган өрхийн хэрэглэгчтэй болсон ба Монгол Улсын бүх сум суурин газарт үүрэн холбооны сүлжээгээ 100 хувь нэвтрүүлээд байна. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур зэрэг томоохон хотуудад мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ болох шилэн кабелийн сүлжээгээ байгуулжээ.
Дэлхий дахины дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ анхлан хүргэдэг жишгийнхээ дагуу Монголын хамгийн анхны 4G LTE сүлжээг нэвтрүүлсэн Юнител групп нь улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.